Seedstars Ulaanbaatar тэмцээний шигшээд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо
2017 оны 6-р сарын 23-ний Баасан гарагт Монголын шилдэг 10 гарааны бизнес Seedstars Summit арга хэмжээнд эх орноо төлөөлөн 1 сая доллартой дүйх хөрөнгө оруулалт авах боломжийг атгахын төлөө өрсөлдөх гэж байна.

Хөгжиж буй орнууд дахь гарааны бизнесийг дэмжих Seedstars World тэмцээн Монголд анх албан ёсоор Seedstars Ulaanbaatar нэртэйгээр зохион байгуулагдаж буй бөгөөд тэмцээний эхний шатны сонгон шалгаруулалт өчигдөр буюу 6 сарын 20ны өдөр хийгдэж дууслаа. Монголоос бүртгүүлсэн стартап компаниудын мэдээлэлд үндэслэн шалгаруулалтыг Seedstars World дээр хийсэн бөгөөд дараах 10 төслүүд сүүлийн шатны шалгаруулалтад оролцохоор сонгогдсон байна.
Seedstars Ulaanbaatar Илтгэлийн уралдаанд шалгарсан компаниуд:
1. Beelog Technologies: Тасалгааны агаарын бохирдлыг бууруулах ухаалаг цэцгийн сав
2. Hola: Хэрэглэгчдэд мэргэжлийн орчуулгын үйлчилгээ авахад нь туслах гар утасны аппликэйшн
3. Mamaapp: Орчин үеийн ээжүүдэд зориулсан онлайн форум
4. Manai Bair: Орон сууцны оршин суугчдыг хооронд нь болон төрөл бүрийн албан байгууллагуудтай холбох нийгмийн сүлжээ
5. Medilize: Эмнэлгийн үйлчилгээ авахад туслах онлайн платформ
6. Mixsor: Гэрийн автоматжуулалтын ухаалаг төхөөрөмжүүд
7. MogulBox: Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан гайхалтай бага зардлаар мэдээллийн технологийн бүхий л хэрэгцээгээ хангах шийдэл.
8. Ocurus: 360 градус зураглал бүхий виртуал аялал хийх үнэ төлбөргүй шийдэл
9. TataTunga: Хиймэл оюунд суурилсан хэрэглэгчид үйлчлэх платформ
10. Uyach app: Хурдан морь сонирхогч нарт зориулсан адууны удам хөтлөх, мэдээ мэдээллийн аппликейшн
Seedstars Ulaanbaatar тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт 6-р сарын 23-ны өдөр Чингис Хаан зочид буудалд зохион байгуулагдах бөгөөд тус тэмцээний ялагч нь 2018 оны 4 сард Швейцарь улсад болох Seedstars Summit –д оролцон 1 сая хүртэлх ам.долларын санхүүжилт авах боломжийн төлөө өрсөлдөх эрхийг авах юм. Мөн түүнчлэн Ай Ти Зон компаниас өөрийн нэрийн 1 сая төгрөгийн шагналыг нэг компанид олгох ажээ.
Тэмцээний шүүгчдээр дараах эрхмүүд ажиллана. Үүнд:
- Ай Ти Зон ХХК-ийн ерөнхий захирал Н. Баттулга
- Жемнэт ХХК-ийн ерөнхийлөгч У. Дөлгүүн
- Майкрософт компанийн Монгол дах төлөөлөгч Н. Наранбат
- Метро Девелопмент Группийн ерөнхийлөгч Б. Одсүрэн
- Seedstars World –ийн Төв болон Зүүн Европын бүс хариуцсан зөвлөх Agahuseyn Ahmadov
Түүнчлэн энэхүү арга хэмжээнд салбарын туршлагатай мэргэжилтнүүд оролцох бөгөөд Илтгэгчдээр:
-
Швейцарийн Хөгжил, Хамтын ажиллагааны агентлагийн тэргүүн нарийн бичгийн даргын орлогч Илариа Дали
-
Юнител групп, ММС –ийн удирдах зөвлөлийн гишүүн, Премиум Группийн ерөнхийлөгч А. Ганхуяг
-
Анд Глобал компанийн санхүү хариуцсан захирал, Lendmn -ийн үүсгэн байгуулагчдын нэг О. Болдбаатар
-
ХНХЯамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалт, нийгмийн түншлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Д. Хадхүү
Seestars Ulaabaatar тэмцээний илтгэлийн уралдаанд оролцох эдгээр шалгарсан 10 стартап компаниудын ментороор дараах зөвлөхүүд ажиллаж байна. Үүнд:
- МТҮП –ийн Технологи, шинэчлэлийн судалгаа шинжилгээ хариуцсан захирал О. Хичээнгүй
- Дэлхийн банкны зөвлөх Г. Энхболор
- Startup Mongolia –ийн гүйцэтгэх захирал С. Эрдэнэбат
- Startup Mongolia –ийн дэд захирал Б. Идэр-Од
- Seedstars World –ийн Төв болон Зүүн Европын бүс хариуцсан зөвлөх Daria Golikova
- EiM expats –ийн үүсгэн үүсгэн байгуулагч, PromotioCraft –ийн үүсгэн байгуулагчдын нэг Ehab Eltayeb
- Wild Digital Agency –ийн ерөнхийлөгч Г. Болдбаатар
- AlphaKernel –ийн үүсгэн байгуулагч Philipp Marxen
Seedstars World байгууллагын зүгээс Монголын гарааны бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлж туршлага хуримтлуулах боломж олгох үр дүнтэй үйл ажиллагааг зохион байгуулахын тулд Ай Ти Зон болон Майкрософт Монголиа компаниудтай нягт хамтран ажиллаж байна. Түүнчлэн Жемнэт, Метро Девелопмент Групп, Стартап Монголиа, МТҮП болон Швейцарийн Хөгжил, Хамтын ажиллагааны агентлаг зэрэг байгууллагууд энэхүү арга хэмжээнд ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
Ай Ти Зон ХХК-ийн Ерөнхий захирал Н.Баттулга хэлэхдээ ”Мэдээллийн технологийн хурдтай хөгжил, цахим хувьсгал нь дэлхий дахинаа шинэ үеийн бизнес эрхлэгчдийг гарааны нэг цэг дээр зогсох боломжийг олгосон. Иймд туршлагатай бизнес эрхлэгчдийн хувьд дараа үеийн бизнес эрхлэгч залуусаа монголоо төдийгүй дэлхийг өөрчлөх гал эрмэлзлийг дотроо өвөрлөдөг, өргөн цар хүрээнд бизнесээ харж, хамтран ажилладаг сэтгэлгээг өрнүүлэх зорилгоор Seedstars World –ийг монголдоо зохион байгуулахаар болсон” хэмээв.
Сүүлийн шатны шалгаруулалтын үйл ажиллагаа 6-р сарын 23-ны өдөр Чингис Хаан зочид буудалд олон нийтэд нээлттэй явагдах бөгөөд сонирхсон үзэгчид дараах линкээр бүртгүүлснээр очиж үзэх боломжтой.